Sunday, March 23, 2008

ЗАЛУУ ААВ ЭЭЖ НАРТ

Би яг одоогоор нэгэн төслийн байгууллагад хоол тэжээлийн хэлтсийг хариуцан ажиллаж байна. Төсөл маань Улаанбаатар хотын гэр хорооллын хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах зорилготой. Өрхийн эмнэлгүүдийн эмч сувилагч болон эцэг эх, асран хамгаалагч нарт зориулан нилээд сургалтыг явуулж байна.

Нэг удаа цахим өртөө сүлжээгээр шинэ хүүхэдтэй болсон эцгийн зөвлөгөө хүссэн эмайлд хариу явууллаа. Эцгийн баярлалаа гэсэн хариутай зэрэгцээд Гүнжээхэй-ээс өөрийн эрхэлдэг онлайн сэтгүүлд хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлтэй холбоотой буланг хөтлөх санал ирлээ. Ер нь бодоод байсан чинь дотоодод төдийгүй гадаадад байгаа Монголын залуу аав ээж нарт ч гэсэн онлайнаар мэдээлэл хүргэж яагаад болохгүй гэж. Тэгээд ч би блогоо олигтой амилуулж чадахгүй байгаа юм чинь байнга хийдэг ажлаараа амилуулж яагаад болохгүй гэж. Сайхан санал сэдэл төрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Гүнжээхэй-д баярлалаа.

За ямар ч байсан дараахь сэдвүүдээр онлайн хичээл эсвэл мэдээлэл гаргахаар боллоо. Юуны өмнө сэдвийг зарлая. Магадгүй сонирхолтой санагдаж байвал залуу ээж, аав нар маань коммент дээр саналаа оруулаарай.

Сайн шахаж шаардвал та нарт зориулж сайхан бүтээл гаргана шүү!


СЭДЭВ:

Хоол тэжээл, асаргаа халамж
- Яагаад хүүхэд, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдал илүү чухал гэж?
- Жирэмсэн байх үе, жирэмсэний хоол тэжээл, асаргаа халамж
- Төрөх үе, хөхүүл эмэгтэйн асаргаа халамж, нярай хүүхдийн асаргаа

Хоол тэжээлийн байдал гэж юу вэ? Хоол тэжээлийн дутал ба илүүдэл, тэдгээрийн ойрын болон алсын үр дагавар
- Хоол тэжээлийн гажуудал/дуталд нөлөөлөх хүчин зүйлс
- Хүүхдийн хооллолт:
o Хүүхдийг эхийн сүүгээр хооллох
o Хүүхдийн нэмэгдэл хоол
- Хүүхдийн аминдэм, бичил бодисын хангалт, тэдгээрийн дутлаас сэргийлэх нь
o А аминдэмийн дутал, сэргийлэлт
o Д аминдэмийн дутал, сэргийлэлт
o Төмөр дутал, цус багадалт, сэргийлэлт
o Иодын дутал, иод дутлын эмгэг
- Хүүхдийн өсөлт ба хөгжил
o Өсөлтийн үнэлгээ, өсөлтийн хүснэгт, өсөлтийн муруй
o Хөгжлийн үнэлгээ, хөгжлийн үе шатны бүлэг үзүүлэлтүүд
- Хүнсний баталгаат байдал, хүнсний аюулгүй байдал
o Хүнсний хангамж, илчлэг
o Хүнсний эрүүл ахуй

Tuesday, January 16, 2007

Монголчуудад цагаан сар яагаад тийм чухал байдаг юм бэ?

(Өөртэйгээ адил олон Монгол залуучуудад зориулав.)

Манай ажлын газар нэг Япон залуу байдаг. Түүний өрөөнд орж түүнтэй болон хамт байдаг залуустай нь жаахан юм ярьж байтал тэр япон залуу нутагтаа буцаад 2 дугаар сарын дундуур Монголд буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлэхэд нь би түүнд чи яг Монголын цагаан сараар ирэх юм байна, ер чиний үндсэн ажил 2 дугаар сарын сүүлээр л эхэлнэ дээ гэлээ. Тэр өмнө нь Монголд 2 жил амьдарч байсан туршлагатай бөгөөд би монголын цагаан сард дургүй, хүмүүс ядуу байж ганцхан сарын дотор маш их иддэг, уудаг, бас ажил хийдэггүй, их үрэлгэн баяр гэж хэлэв. Эргэн тойронд байсан Монгол залуучууд тийм гэсэн байдалтай толгой дохиж байна, би ч мөн адил. Үүнтэй төстэй яриаг би олон Монгол хүмүүсээс сонсож байсан бөгөөд дийлэнх нь залуучууд байсан юм. Яг ийм юм яриад ээждээ загнуулж байснаа ч саналаа. Бодлоо. Бид цаашид ингэж үргэлжлүүлэн баярлаад байх уу эсвэл магадгүй Япончууд шиг шинэ жилтэйгээ нэгтгэн нийлүүлээд нэг баяр болгох юм уу? Ер нь бид нар яагаад Цагаан сарыг тэмдэглэж баярлаад байдаг юм бэ?

Бид баярлаж тэмдэглэж заншсан ч чухам ямар учиртайг нь мартчихсан байдаг юм байна.
1. Цагаан сар бидэнд түүх соёлыг минь эргэн сануулдаг. Ахмадууд маань махыг тэгж тавь, ингэж зүсэх ёстой, тэгж золго гэх зэргийг залууст хэлж сургадаг. Бид юу иддэг байсан юм, ямар хувцас өмсдөг байсан юм, яаж бие биедээ хүндлэл үзүүлдэг юм, юун тухай ярилцдаг юм, юуг цээрлэж хориглодог юм энэ бүгдийг эргэн санахад минь цагаан сар тусалдаг юм. Мөн биднийг ямар үндэстэн юм бэ гэдгийг хэлж өгдөг. Хятад болон азийн бусад орны сарны хуанлитай Монгол зурхайн хуанлиг адилтган нийлүүлэхгүй байгааг ч учиртай юм байна гэж ойлгодог.
2. Цагаан сар гэр бүлийнхнийг нэг дор уулзуулдаг. Тал тал тийш тарчихсан ах дүү нар, хамаатан саднууд цагаан сарын энэ өдөр л жилд нэг удаа уулзаж цугларч чадаж байна. Уулздагггүй юм аа гэхэд хэн хаана юу хийж яваа, яаж амьдарч байгааг бие биедээ дуулгаж ярилцдаг. Хүндэтгэл үзүүлэх гэж, золгох гэж ирсэн хүмүүс энэ ахмадаараа дамжуулан бид нэг гэр бүлийн хүмүүс юм байна гэдгээ мэдэж авдаг. Мөн энэ гэр бүлд ямар бэр, хүргэн, шинэ хүүхэд орж ирэв ээ гэдгийг мэдэж авдаг. Мөн хэн нь сайн яваа, хэн нь ядарч явааг мэдэж болно. Түүнчлэн хэн ямар шуу байгааг зочлуулахаар дагуулж ирсэн найз нөхдийнх нь байдал, ярианаас мэдэж болно.

3. Цагаан сар биднийг эвлэрүүлдэг, эв нэгдлийг бий болгодог. Цагаан сарын шинийн нэгэнд ямар нэг муу үйл хийх, уурлах уцаарлах, хэрэлдэх зодолдохыг тэвчдэг заншилтай. Энэ өдөр хоорондоо түнжин муутай ах дүүс, хамаатан садангууд бие биедээ хүндлэл үзүүлэн золгож амрыг эрэх нь тэднийг эвлэрүүлэхэд хүргэдэг. Цагаан сарыг хийх гэж ганцхан ахмадууд зүтгэдэггүй, хүүхдүүд нь дүү нар нь цагаан сарын бэлтгэлд зориулсан ямар нэгэн юмыг дааж (ууц, мах, бэлэг, сүү, бууз гэх мэт) авч өгдөг, хамтарч бэлтгэлцэж хийлцдэг.

4. Цагаан сар бол хүндэтгэл юм. Гэр бүлийн ахмад гишүүнд (аав, том ах) жилд нэг удаа бусад хүмүүс очиж хүндэтгэл үзүүлдэг. Золгохдоо тохойг нь түшиж хүндэтгэдэг. Ямар нэгэн юм, архи ч юм уу, мөнгө өгдөг, энэ нь уг ахмадаас ямар нэгэн юмыг хэзээ нэгэн цагт авсны (сургаал, тусламж) хариу эргэн төлөлт эсвэл зүгээр хүндэтгэл байж болно.

5. Цагаан сар бол амралт юм. Бүтэн жилжингээ ажиллаж, сурч байгаад хэдэн хоног аав ээж, ах дүү хамаатан садныхаараа зочилж хүндэтгэл үзүүлж хооллож ундлах нь юун муу гэж. Цагаан сар болж байна гэж их идлээ, уулаа л гэдэг, мөн их мөнгө зарцууллаа л гэдэг. Хэмжээ хэмжээндээ л хийхэд болоо ш дээ, тэгж ярьвал тэр зарцууллаа гээд байгаа мөнгө чинь зугаалж наргиж байхад чинь урсаж байдаг тэр л хэмжээний мөнгө байгаа. Хятадуудыг эх орноосоо хөөсөн өдрийг 3 өдөр тэмдэглэж баярлаж болдог юм бол эзэн Чингисийнхээ баярлаж тэмдэглэж байсан баярыг яагаад 3 өдөр тэмдэглэж баярлаж болохгүй гэж.

Ийм чухал баяр учраас бүх Монгол хүмүүс цагаан сардаа зориулан сайхан хувцас хунар бэлдэн, гэр орноо цэвэрлэн, угааж арчиж, мөнгө төгрөгөө нийлүүлэн цагаан сараа хийдэг байна.

Monday, January 8, 2007

Блогтой боллоо

За хөөрхий, нэг блогтой болсондоо их баяртай байна аа, одоо юу ч хамаагүй тархиндаа орсон эерэг, эсэргүү бүх зүйлийг оруулна аа